Миний тухай

Durch den Präsidenten des Oberlandesgerichts Hamm ermächtigter Übersetzerin und allgemein beeidigte Dolmetscherin für die mongolische Sprache
Миний нэр Мѳнхѳѳ овог Герке. Холбооны Нордрайн-Вестфален муж улсын Хамм хотын дээд шатны шүүхийн ерѳнхийлѳгчѳѳр дамжуулан магадлан итгэмжлэгдэж тангараг ѳргѳсѳн эрх бүхий орчуулагч хэлмэрч.
Хүн ам цѳѳтэй ч тоолж баршгүй олон тэмээтэй Ѳмнѳговь аймагт би тѳрж ѳссѳн билээ. Гадаад хэл сурах хүсэл эрмэлзлэлд маань хамгийн их нѳлѳѳлсѳн хүн бол миний аав. Аав маань олон жилийн турш Ѳмнѳговь аймгийн орон нутгийн судлах музей ба тэмээний үзэсгэлэн гэгдэх ѳвѳрмѳц содон музейн даргаар ажиллаж, амьдралынхаа ихэнх хугацааг музейдээ зориулсан нэгэн. Ѳмнѳговийн Говь гурван сайхан нэртэй уул нь монголын үзэсгэлэнт газрын нэгд тооцогдох бѳгѳѳд гадна дотноос их л олон хүмүүс түүнийг үзэхээр ирцгээнэ. Тэгэхдээ тэд заавал орон нутгийн судлах музей бас тэмээний үзэсгэлэнгээр ирж үзэж сонирхоод явна. Аав маань хаа холоос зорьж ирсэн хэнд ч хамаагүй ѳѳрийн мэдэх Орос, Герман, Англи хэлээ оролцуулан музейнхээ баялаг үзмэрийг тайлбарлачихна.
Миний сурч байсан сургууль музейн ойролцоо байх тул би хичээлээ тараад гэртээ харихын ѳмнѳ голдуу л аавынхаа ажлаар ороод гарна. Аав маань надад ажил дээрээ ч гэртээ ч ѳѳрийн мэддэг бүх л гадаад үгээ хэлж зааж ѳгнѳ, би бүгдийг тогтоохыг хичээнэ. Ингэж би аавынхаа ачаар сургуулиар дамжуулан үзсэн орос хэлнээс гадна ѳѳр гадаад хэлээр ярих туршлагатай болж билээ. Монголд багшийн мэргэжил эзэмшсэний дараа хүүхэд цагийн мѳрѳѳдѳлдѳѳ хѳтлѳгдѳн Герман хэлэнд мэргэшихээр Герман улсад ирэв. Ирснийхээ дараа герман хэл сурахын зэрэгцээ бас интернэт, компютер гэсэн зүйлүүдэд сонирхол их татагдан энэ мэргэжлээр Германд болон АНУд сурч тѳгсѳв. Дараа нь мэргэжлээрээ ажил хийж, олон ч тѳслүүд дээр ажиллав. Ажлынхаа хажуугаар үргэлжлүүлэн онлайнаар дамжуулан гурван жил сурч “Webmaster” мэргэжлийг эзэмшив. 
Түүнээс гадна тѳсѳл, семинар болон албан байгууллага шүүх дээр хүртэл хэлмэрч орчуулагчаар ажилладаг болов. Монгол Германы хамтарсан тѳсѳлд (Залуучуудын ардчилсан боловсрол ) оролцож хичээл заадаг байсан театрын арга зүйч багш нарын сургалтын арга барил, мэргэжил маш ихээр таалагдаж , tеатрын академд сурч театрын багшийн мэргэжил эзэмшив.
Хэлмэрч мѳн орчуулга хийх дуртай сонирхолдоо хѳтлѳгдѳн Герман хэлний эх бус хэлтэнд олгодог Гёте институтийн Герман хэлний дээд түвшний диплом (GDS) мѳн Герман хэлний хуулийн хэлний шалгалтыг ѳгч сертификатыг тус тус хүртэн муж улсын дээд шатны шүүхийн ерѳнхийлѳгчѳѳр дажуулан итгэмжлэгдсэн хэлмэрч, тангараг ѳргѳсѳн орчуулагч болсон.
Би мэдлэгийнхээ хүрээг тэлж шинэ зүйл сурч эзэмшихийг эрмэлздэг, тиймээс ч нэртэй их сургуулиудын онлайн курст үргэлжлүүлэн сурч (Ж: coursera.org ба courses.edx.org ) сертификатуудыг хүртэв.
Миний энэ вэбсайтнаас та хэлмэрч орчуулга хийх үйлчилгээнээс гадна миний блогоос та сонирхолтой олон мэдээлэл унших байх гэж бодном.